Арьсны бичил бэлдмэл бэлтгэх ажиллагаа

Амьд эсвэл дөнгөж нядалсан малын нойтон арьс, чанарын хамгаалалт хийсэн түүхий эдийн болон савхи, үслэг боловсруулах технологийн янз бүрийн дамжлагуудад орсон арьсны бүтцийг гистологийн аргаар судална. Арьсны бүтцийг гистологийн аргаар судлахын тулд эхлээд арьснаас дээж авч, бэхжүүлэгч уусмалд хадгална. Зориулалтын уусмалд бэхэжсэн дээжнээс босоо ба хөндлөн зүсэлтийн зүсэц бэлтгэх ба зүсэцээс микротомоор нимгэн зүсч, зориулалтын будгаар будаж, түүнийгээ микроскопоор харж, уншина. Энэхүү бэлтгэсэн зүсцийг арьсны бичил бэлдмэл буюу препарат гэж нэрлэнэ.

Арьсны бичил бэлдмэлийг бэлтгэхдээ дор дурдсан үндсэн дүрмийг баримтална. Үүнд:

1. Арьсны дээжийг мал, амьтныг амьд байх үед эсвэл нядлаад 1-2 цагаас хэтрээгүй байх үед авсан байх ба бүтэц, чанарыг алдуулахгүйгээр бэхжүүлэлтийн уусмалд хийх

2. Арьсны бүтцийг босоо болон хэвтээ зүсэлтийн бэлдмэл дээр судалдаг тул бэхжүүлсэн дээжнээс зүсмэг бэлтгэнэ.

3. Бэлтгэсэн бэлдмэл нь гэрэлд нэвт үзэгдэх ёстой тул бэхжүүлсэн дээжийг микротомын тусламжтайгаар 8-10 мкм зузаантай зүснэ.

4. Арьсны бичил бүтцийг микроскопоор харж эд, эсийг таньж ялгахын тулд нимгэн зүсцийг зориулалтын будгаар будна.

5. Будаж бэлтгэсэн зүсцийг тавиур шилэн дээр байрлуулан, зориулалтын бэхжүүлэгч бальзам дусааж дээрээс нь бүрхүүл шил тавина. Ингээд арьсны бичил бэлдмэл буюу препарат бэлэн болох ба хатаах шүүгээний 37°C-д хадгална.

Арьсны бичил бэлдмэлийг судлахад бэлтгэх ажиллагаа нь арьснаас дээж авах, арьсны бичил бэлдмэл бэлтгэх гэсэн хоёр үе шаттай.

Малын арьснаас дээж авах ажиллагаа

Амьд эсвэл дөнгөж нядалсан малын нойтон арьсны бүтцийг шинжлэхийн тулд эхлээд дээж авна. Арьсны дээжийг хугацаа алдахгүй зориулалтын бэхжүүлэгч дээжинд хийж хадгалах ба хэрэв амьд малаас дээж авсан тохиолдолд дээж авсан хэсэгт оёдол тавина.

Арьснаас дээж авах аргачлал

Амьд амьтны арьснаас биописийн аргаар дээж авахын тулд далны арын хэсгийн үсийг хайчилж, хусаад иодоор арчиж бэлтгэн, мэдээ алдуулах тариа хийнэ. Ингээд 10-15 минутын дараа ариутгасан хэсгээс мэс заслын хутгаар нүдэн баримжаагаар 1х1.5 см орчим хэмжээтэй дээж гарахаар зууван хэлбэртэй зүсч авна. Дараа нь энэ хэсэгт зураг 2.43-т харуулсны дагуу оёдол тавина.

Гистологийн дээж авах ба оёдол тавих

Авсан дээжийг зориулалтын кассетад бэхэлж, тэмдэглэгээ хийнэ. Тэмдэглэгээ нь томьёолсон тоо эсвэл үсэг байж болох бөгөөд дээж авсан малын төрөл, арьсны аль хэсэг, огноо зэргийг бичнэ.

Дээжийг бэхжүүлэх

Амьтны арьснаас авсан дээж нь амархан гэмтэж бүтцийн өөрчлөлтөд ордог учраас шинжилгээ хийхээр авсан дээжийг бэхжүүлэгч уусмалд тэр даруй хийнэ.

Арьсны дээжийг бэхжүүлэгч уусмалд хийснээр дээжийн чанар, хэлбэр дүрс, бүтцийг алдагдуулахгүй, хэвийн байдлаар хадгалж чадна. Судалгаа хийхээр авч байгаа дээжийн хэсэг бүхэнд бэхжүүлэгч уусмал гүйцэд нэвтрэн, шахаж үзэхэд өнгийн шүүс гарахгүй, нэлээд сайн хатуурч нягтарсан байх ёстой.

Арьсны дээжийг бэхжүүлэхийн тулд дор дурдсан бодисуудыг хэрэглэж болно. Үүнд:

1. Формалин (10% ба 4%)

2. Спирт (96%)

3. Формалин+спирт

4. Формалин 4% + хоолны давсны 0.9%-ийн уусмал

5. Максимовын шингэн (ценкер-формол) +цууны хүчил

6. Спирт+формалин + цууны хүчил

7. Сулема + спирт + цууны хүчил

8. Буэны шингэн

9. Флеммингнйн шингэн гэх мэт.

Эдгээрийн дотроос арьсны дээжийг бэхжүүлэхэд формалиныг өргөн ашигладаг. Формалинаар бэхжүүлэхэд дээж сайн будагдаж чанар, бүтцээ алдахгүй байж чадна.

Формалин бол формальдегидын (шоргоолжны хүчлийн альдегидын) ханасан уусмал юм. Ихэнхдээ 10 хувийн ханасан уусмал байдаг. Формалиныг +9°С градусаас доошгүй температурт хадгална. Их хөргөхөд булингартана. Формалиныг харанхуйд хар саванд (гэрэлд задарч шоргоолжны хүчлийг үүсгэнэ) хадгална.

Формалины 10 хувийн уусмалыг бэлтгэхийн тулд 40 хувийн формалины нэг хэсэг, усны 9 хэсгийг авч найруулна. Формалины 4 хувийн уусмалыг бэлтгэхийн тулд 40 хувийн формалины нэг хэсэгт усны 96 хэсгийг авна. Авч буй ус нь крантны ус байх хэрэгтэй. Хэрэв материалыг мөнгөлөх мэтийн тусгай аргаар боловсруулах бол нэрсэн усыг хэрэглэнэ. Бэхжүүлэх материалыг формалинд 24 цаг байлгана. Удаан хугацаагаар бэхжүүлэх (7-гоос дээш хоног) материалыг формалины 4 хувийн уусмалд шилжүүлэн хадгална.

Арьсны бичил бэлдмэл бэлтгэх ажиллагаа

Арьсны бичил бэлдмэл буюу препарат бэлтгэх ажиллагаа нь бэхжүүлсэн дээжийг угаах, усгүйжүүлэх, зүсэц бэлтгэх, зүсцийг цутгаж хөлдөөх, хөлдөөсөн зүсцээс зүсмэг бэлтгэх, зүсмэгийг будах, препаратыг бэлэн болгох зэрэг ажиллагаануудаас бүрдэнэ.

Бэхжүүлсэн дээжийг угаах

Бэхжүүлэгч уусмалын хольц нь бэхжүүлсэн зүйлд муугаар нөлөөлж болох учраас дээжийг бэхжүүлсний дараа заавал угааж цэвэрлэх хэрэгтэй. Угаах зүйлийг усанд буюу спиртийн 70 хувийн уусмалд угаана. Формалинаар бэхжүүлсэн арьсны дээжийг ердийн усанд (нэрсэн ус ч байж болно) угаана.

Усгүйжүүлэх арга

Гистологийн шинжилгээнд зориулсан дээжийг бэхжүүлэн угаасны дараа усгүй болгох нь цутгамал бэлтгэх ажиллагааг улам дөхөмтэй болгож өгнө. Үүний тулд арьсны зүсмэгийг өссөн концентраци (50%,70%, 80%, 90%, 100%)-тай спиртийн уусмалуудаар дамжуулан усгүйжүүлнэ.

Спирт найруулах жор

Дээрх хүснэгтийг дараах маягаар ашиглана. Жишээлбэл: 40 градусын 100 мл спиртийг 96 градусын спиртээс бэлтгэнэ гэвэл 96 градусын спиртээсээ 42 мл авч түүн дээрээ 58 мл ус нэмнэ. Мөн 60 градусын 100 мл спиртийг 70 градусын спиртээс бэлтгэхийн тул 70 градусын спиртээсээ 86 мл-ыг авч дээр нь 14 мл ус нэмэх жишээтэй.

Арьсны зүсмийг усгүйжүүлэхэд 100-200 мл-ийн багтаамж бүхний илчүү бөглөөтэй цэвэр шилэн саванд янз бүрийн концентрацитай спиртын уусмалаар дамжуулна. Усгүй болгох ажиллагааг 50 хувийн спиртын уусмалаас эхэлнэ. Спиртын градус хэдий чинээ их байх тусам дээж төдий чинээ түргэн усгүйжнэ. Илчүү бөглөөтэй шил саванд зохих градусын спиртийг материалаас дээгүүр 1-2 см илүү байхаар бодож хийнэ. Зохих градус тус бүрийн спиртэд уг материалын зузаан нимгэнийг харгалзан 12-24 цаг хүртэл байлгана.

Спирт нь амархан ууршиж, дэгддэг учир түүнийг битүү саванд хадгалах хэрэгтэй. Дээжийг сул градустай спиртээс өндөр градустай спиртэд хийхдээ өндөр градустай спиртийнхээ чанарыг муутгахгүйн тулд заавал чийг татдаг цаасаар хатаах ёстой. Хэрэглэх спирт нь булингаргүй тунгалаг байвал зохино.

Арьсны дээжээс зүсмэг бэлтгэх

Усгүй болгосон зууван хэлбэртэй арьсны дээжээс босоо болон хөндлөн чиглэлд зүсмэг бэлтгэнэ. Босоо зүсмэгийг бэлтгэхдээ 1х0,5 хэмжээтэй хавтгай зүсэх бол, хөндлөн зүсэлтийн зүсмэгийг 1х1 хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй зүсч бэлтгэнэ.

Дээжээс зүсмэг бэлтгэх байдал

Босоо зүсэлтийн зүсмэгийг бэлтгэхдээ анхнаасаа эхний зүсэлтийг арьсны үсний суултын чиглэлийг сайтар ажиглан тогтоож, үсний суултын дагуу зүсэх хэрэгтэй.

Арьсыг цутгаж хөлдөөх

Арьсны дээжнээс хөндлөн зүсэлтээр зохих хэмжээтэй бэлтгэсэн зүсмэгийг өнгөн хөрсөн талаар нь урьдчилан бэлтгэсэн мөнгөн цаасан бортогоны ёроолд наалдуулах ба босоо зүсмэгийг уртын дагуу хажуу талаар нь наалдуулан зориулалтын хөлдөөгч шингэнээр дүүргэх ба энэ ажиллагааг дээж цутгах гэнэ. Мөнгөн цаасан бортогонд цутгасан зүсмэгийг гүн хөлдөөгчинд хөлдөөнө. Мөнгөн цаасаар бортого хийхийн тулд мөнгөн цаасыг 10х10 хэмжээтэй дөрвөлжин хайчилж бэлтгээд шилэн бортогны амыг бүрэх маягаар бэлтгэнэ.

Зориулалтын шингэнд цутгаж хөлдөөсөн хөндлөн зүсэлтийн зүсмэг

Зүсмэгээс зүсэц бэлтгэх

Микроскопоор харж судлахад хөлдөөсөн зүсмэгийг хөлдөөгч микротомоор 8-10 мкм хэмжээтэй зүсч зүсэц бэлтгэнэ. Микротомын хязгаарлагчийн тусламжтайгаар зүсмэгийн зузаан нимгэнийг тохируулна. Зүсцийг усанд хийхэд хурдан тэнийх бөгөөд ингэсний дараа будах ажиллагаанд оруулна. Хяналтын дээжийг формалины 10 хувийн уусмалд хийж хадгална. Микротомоор зүсмэгийг зүсэхдээ түр зогсож бага зэрэг гэсэхийг хүлээж байгаад зүснэ. Дөнгөж хөргөгчөөс гаргасан хөлдсөн зүсэц микротомоор шууд зүсэхэд амархан бутардаг болохыг анхаарах нь зүйтэй.

Микротомоор зүсмэг бэлтгэж байгаа нь

Зүсмэгийг будаж бэхжүүлэх

Микротомоор бэлтгэсэн зүсмэгийг усанд хийж тэнийлгэсэний дараа будах ажиллагааг гүйцэтгэнэ.

Зүсмэгийг усанд хийн тэнийлгэж байгаа нь

Будаг ба будалтын тухай товч ойлголт

Эдийг будах нь эртний түүхтэй боловч одоог хүртэл олон будгийн үйлчлэх механизмийн мөн чанар бүрэн тодроогүй хэвээр байна. Эдийн бичил бүтцийн будагдах үндэс нь физикийн ба химийн үзэгдлээр тайлбарлагдана. Физикийн хувьд эд, эсийн дотор будаг түүний уусмалын нэвтрэх, нэвчин шингэх, уусах явцыг эдийн будагдалт хэмээн үздэг. Химийн шинжлэх ухааны үүднээс эдийн будагдах механизмыг будгийн бодис, эдийн элементүүдийн хооронд химийн урвал, холбоо үүссэнээр тайлбарлана. Өөрөөр хэлбэл будгийн бодис, эд хоёрын хооронд давс үүснэ гэсэн үг юм.

Будаагүй зүсмийг микроскопоор харахад янз бүрийн хэсгүүд нь гэрлийг харилцан адилгүй хугалдаг учир нэг нь нөгөөгөөсөө ялгаатай харагдахаас биш, нарийн бүтэц нь тодорхой мэдэгддэггүй. Ийм учраас зүсцийг будах зайлшгүй шаардлагатай. Төрөл бүрийн эд эрхтнүүд нь харилцан адилгүй бүтэцтэй байдаг учраас тэдэнд янз бүрийн будгийг хэрэглэнэ.

Будаг бол нийлмэл органик нэгдэл бөгөөд будалтын үйл явц нь ихэнхдээ тэдгээрийн химийн бүтцээр тодорхойлогдоно. Эд зүйн практикт хэрэглэгдэж байгаа будагнуудыг эдийн элементтэй төстэй байдлаар нь суурилаг, хүчиллэг, саармаг гэсэн 3 бүлэгт хуваадаг.

Суурилаг будаг нь будагч сууриуд, түүний давснууд үүгээр эсийн ДНХ агуулсан бөөм, өнгөт ширхэг, РНХ бүхий бөөмөнцөр зэрэг хүчиллэг гарлын эдийн ба эсийн бүтцийг агуулна. Суурилаг будгаар будагдаж байгаа эдийн хэсгийг суурилаг /базофил/ эд гэнэ. Суурилаг будагт гематоксилин, кариан, сафранин, метилийн ногоон, тиолин, толиудын хөх, суурилаг фуксин багтана.

Хүчиллэг будаг нь суурилаг гаралтай эдийн хэсгийг будаж байгаа будагч хүчил, түүний давс юм. Ихэнх нь эсийн сийвэнг будна. Хүчиллэг будгаар будагдаж байгаа эдийн элементийг хүчиллэг /ацитофил/ эд гэнэ. Энэ бүлэгт эозин, эритрозин, хүчиллэг фуксин, конгийн улаан, оранж, тунгалаг ногоон, пикрины хүчил, аналины хөх зэрэг багтана.

Саармаг будаг нь суурилаг ба хүчиллэг будгийн нэгдлээс үүссэн давс юм. Саармаг будгаар будахад суурилаг эд суурилаг будгаар, хүчиллэг эд хүчиллэг будгаар ялгаран будагдана. Саармаг будагт Судан-III, эозинт-хүчлийн метилийн хөх зэрэг хамаарна.

Эдийн будгийг байгалийн ба хиймэл гэж хуваадаг. Эдийг будах нь хэд хэдэн төрлүүдтэй. Үүнд эдийг өгсүүлэн будах, ухраан будах, шууд ба шууд бус, нэг ба олон будгийн гэх мэт. Зүсцүүд зохих хэмжээндээ хүртэл будагдахыг өгсүүлж будах гэдэг. Харин зүсмэгийг эхлээд хэт будаад, дараа нь зохих шингэнд угаах замаар хүссэн өнгө тодортол байлгахыг ухраан будах гэнэ.

Эд судлалын бэлдмэлийг будах төрөл бүрийн аргын үед сайн үр дүнд хүрэхийн тулд тодорхой журам баримтлах шаардлагатай. Үүнд:

  • Будгийн уусмал цэвэр байх. Иймд будгийг хэрэглэхийн өмнө шүүнэ. Усанд найруулах будгийг зөвхөн нэрсэн усаар найруулна.

  • Угаагч шингэнийг зүсмэгээс сайтар цэвэрлэнэ. Бохирдсон шингэн нь будалтын үр дүнг гажуудуулна.

  • Нимгэн зүсмэг дотроос хамгийн тохиромжтойг сонгож хэрэглэнэ.

  • Зузаан зүсмэг, өтгөн будаг нь зүсмэгийн ялгаран будагдахыг бүдэгрүүлж, будалтыг жигд бус болгоно.

  • Өндөр концентрацын будгаар эдийг хурдан будах болон бага концентрацын будагт удаан хугацаагаар будахын аль илүү тохиромжтойг сонгох нь зүйтэй. Аль болохоор ухраан будах аргыг хэрэглэх нь зохимжтой.

  • Зүсцийг будах ба дараагийн дамжлагад бэлтгэх үед бүх ажиллагааг нягт гүйцэтгэх ёстой.

  • Будагдсан зүсцийг микроскопын бага өсгөлтөөр харж зөв будагдсан эсэхийг хянах хэрэгтэй.

  • Ухраан будах аргыг хэрэглэх нь тодорхой арга дүй, туршлага эзэмшихийг шаардана.

Зүсцийг тусгай тодотгох будгаар урьдчилан дамжуулсны дараагаар хэрэгцээт будгаар нь будахыг шууд бус будалт гэнэ. Мөн будах аргыг нэг ба хоёр, олон будгийн гэж хуваадаг.

Эд судлалд будалтын бүх аргыг үндсэн 2 бүлэгт хуваан үздэг.

1. Тойм буюу ерөнхий будгийн аргын үед шинжилж буй эд, эсийн бөөм, сийвэнгийн талаар ерөнхий ойлголт авна.

2. Тусгай буюу өвөрмөц будгийн үед эд, эсийн тодорхой хэсгийг тодруулан ялгаж будна.

Гистологийн шинжилгээний будгууд

Гистологийн шинжилгээний материалыг олон төрлийн будгаар будаж болох бөгөөд эдгээрийн дотроос хамгийн нийтлэг будгуудыг авч үзье.

Гематоксилиныг модноос гаргаж авах бөгөөд өөрөө будагч бодис биш, харин будаг бэлтгэхийн тулд гематоксилиныг исэлдүүлэхэд гемагени гэдэг будагч бодис болон хувирдаг бөгөөд энэ нь зарим нэгэн давсны нэгдлүүдтэй нийлэхдээ эсийн бөөмийг маш тод будна. Гематоксилины уусмалуудаас хамгийн их хэрэглэгддэг нь гемалаун ба исгэлэн гематоксилин юм.

Гемалауны материалыг формалин ба формалинтай спиртээр бэхжүүлсний дараа хэрэглэнэ. Энэ уусмалыг доорх маягаар бэлтгэнэ.Үүнд: 96 хувийн 50 мл спиртэд 54-56 градуст 1гр гематеин хийнэ. Дараа нь буцалтал халаасан 1 литр нэрсэн усанд 50 гр калийн цүр хийж уусгана. Энэ хоёр уусмалаа хөргөсний дараа нэгдүгээр уусмалаа хоёрдугаар уусмалд нийлүүлж шүүгээд хэдэн ширхэг камфор нэмж хийнэ. Гемалаун нь эсийн цөмийн бодисыг хөх өнгөтэй болгоно.

Исгэлэн гематоксилиныг материалиа формалин ба спирт-формалины уусмалаар бэхжүүлсний дараа хэрэглэнэ. Үүнийг бэлтгэхийн тулд 100 мл туйлын цэвэр (эсвэл 96 хувийн) спиртэд 2 гр кристалл гематоксилиныг найруулна. Дараа нь 100 мл нэрсэн ус, 100 мл цэвэр глицерин, 10 мл мөсөн цууны хүчил, 3 гр калийн цүр нэмж хийнэ. Гематоксилиныг исэлдүүлэхийн тулд хольсон уусмалаа гэрэл сайтай газарт тавьж, агаар үргэлж орж байхаар цаасаар буюу 2-3 давхар маарлиар амыг нь таглаж бооно. Ингэж 15-аас доошгүй хоног байлгана. Уг уусмал дөнгөж бэлтгэсний дараа цайвар улаан буюу ухаа ягаан өнгөтэй байсан бол удах тусмаа өнгө нь улам хүрэн болсоор сүүлдээ 15-16 хоносны дараа бүр хар хүрэн өнгөтэй болно. Ийнхүү боловсорч гүйцсэн уусмалыг илчүү бөглөөтэй саванд хийж удаан хугацаагаар хадгалж болно.

Эозин бол синтезийн исгэлэн будаг юм. Эозин нь эсийн протоплазм ба коллаген ширхгүүдийг ягаан өнгөөр буддаг. Усан ба спиртэн эозин гэж хоёр янзаар үйлдвэрлэнэ. 0.1 гр усан эозиныг бэлтгэхэд 100 мл нэрсэн усанд 0.1 гр, спиртэн эозиныг бэлтгэхэд 70 хувийн спиртэд тус тус уусгана.

Судан III будаг нь өөх тосны бодисыг будахад хэрэглэгдэнэ. Зүсцийг будахын өмнө 0.2-0.5 гр Судан III-ыг 70 хувийн спиртийн 100 мл халуун уусмалд хийж уусгаад термостатад 50-60 градуст З-5 цаг байлгана. Хөргөсний дараа уусмалаа шүүнэ. Тэгээд илчүү бөглөөтэй саванд хадгална.

Орсеиныг эластин ширхгүүдийг будахад хэрэглэнэ. 1 гр орсеиныг 70 хувийн 100 мл спиртэд уусгаж 1 мл цэвэр давсны хүчлийг нэмж хийнэ.

Резорцин-фуксиныг мөн эластин ширхэгүүдийг будахад хэрэглэнэ. Үүнийг бэлтгэхдээ 2 гр фуксиныг 200 мл нэрсэн усанд уусгана. Дараа нь 4 гр резорцин нэмж шаазан аяганд зөөлнөөр хутгаж буцалгана. Уусмалдаа 100 хувийн 25 мл хлорлог төмөр хийж 5-10 минут буцалгана. Хөргөсний дараа шүүнэ. Үлдсэн тунадасыг 96 хувийн 200 мл спиртэд уусгаж, усны ууранд 5-10 минут буцалгаж үргэлж хутгах хэрэгтэй. Дараа нь шүүгээд 96 хувийн спирт, 25 хувийн 4 гр цэвэр давсны хүчлийг 200 мл болтол нь нэмж хийгээд будгаа хэрэглэж болно.

Пикрофуксиныг коллаген ширхгүүдийг будахад хэрэглэнэ. 0.25 гр исгэлэн фуксин ба 1.5 гр пикрины хүчлийг100 мл нэрсэн усанд буцалж байх үед нь найруулна. Дараа нь уусмалаа хөргөж 2.5 гр мөсөн цууны хүчил нэмнэ.

Арьсны зүсэц будах аргууд

Зүсцийг шилэн бюкс аяганд будах нь нэн тохиромжтой. Зүсмийг нэг аяганаас нөгөө аяганд шилжүүлэхдээ препаратын зүү болон нарийн чимхүүр хэрэглэ шүүрэн аягаар дамжуулан будна. Маш болгоомжтой авахгүй бол зүсцийг гэмтээж болзошгүй.

Зүсмэг будах бодис, хэрэгслэлүүд

Арьсны дээжийг Судан III будгаар будах дараалал

1. Хөлдөөгч микротомын хутгаас зүсмэгийг авч нэрмэл усанд хийнэ,

2. 50 хувийн спиртэд 1 минут угаана,

3. 70 хувийн спиртэд 1 минут угаана,

4. Судан III -аар 3-5 минут будна,

5. Крантны усаар 2-3 минут зайлна,

6. 70 хувийн спиртэд 1 минут угаана,

7. 50 хувийн спиртэд 1минут угаана,

8. Гематоксилинээр 10-20 минут будна,

9. Крантны усаар 10 минут хөхрүүлнэ,

10. Нэрмэл усанд 2 минут хөхрүүлнэ.

Судан III –аар будагдсан арьсан дахь өөхний эд

Дээрх аргаар будахад өөхний эсүүд улбар шар өнгөтэй, эсийн бөөм хөх өнгөтэй, коллаген өнгөгүй болно.

Формалинд бэхжүүлэн, парафинд цутгаж, чарган микротомоор зүссэн дээжийг гематоксолин ба эозиноор будна.

Гематоксилин ба Эозиноор будах дараалал

1. Нэрсэн усанд 3-5 минут угаана

2. Гематоксилинд 3-25 минут угаана

3. Цэвэр усаар 2-3 минут угаана

4. Эозинд 3-5 минут будна

5. Нэрсэн усны хоёр хэсэг уусмалд хурдан угаана

6. Уудаг цаасан дээр хатаана

7. 70%, 93% ба 100% -ийн спиртийн уусмалд 3-4 минут байлгаж усгүй болгоно

8. Карбол-ксилолд 3 минут байлгаж тунгалаг болгоно

9. Ксилолд 1-2 минут боловсруулна.

Ингэж ажиллахад эсийн бөөм нь хөх, протоплазм ба коллаген ширхгүүд ягаан өнгөтэй болно.

Коллаген ширхгийг Вал-Гизоны аргаар будах дараалал

1. Нэрсэн усанд угаана,

2. Исгэлэн гематоксилинаар 10-15 минут будна,

3. Цэвэр усанд удтал угаана,

4. Нэрсэн усанд хурдан угаана,

5. Пикрофуксины уусмалд 5-10 минут угаана,

6. Нэрсэн усанд угаана,

7. 70, 96, 100 хувийн спиртэд 3 минут байлгаж усгүй болгоно,

8. Карболксилолд 3 минут байлгаж тунгалаг болгоно,

9. Ксилолд 1-2 минут байлгана,

10. Бальзамд хийнэ.

Ингэхэд коллаген ширхэгүүд улаан болж, протоплазм шар, бөөм нь хөх, булчин шар өнгөтэй болно.

Эластин ширхгийг Орсеинээр будах дараалал

1. Нэрсэн усанд 3-5 минут угаана,

2. Орсеины уусмалд 30-60 минут будна,

3. Нэрсэн усанд хурдан угаана,

4. 70, 96 хувийн спиртэд 1-2 минут байлгаж усгүй болгоно,

5. Туйлын цэвэр спиртэд хийж коллаген ширхгийг өнгөгүй, эластин ширхгийг өнгөтэй болгоно,

6. Карболксилолд хийж тунгалаг болгоно,

7. Ксилолд боловсруулна,

8. Огтлолыг! бензолд хийнэ.

Ингэж будахад эластин ширхгүүд хүрэн улаан өнгөтэй болно.

Эластин ширхгийг Резорцин-фуксиноор будах дараалал

1. Нэрсэн усанд угаана,

2. Резорцин-фуксины уусмалд 5-10 минут будна,

3. 96 хувийн спиртэд хийж коллаген ширхгийг өнгөгүй болгож эластин ширхгийг тодруулна,

4. Спиртэд хийж өнгөгүй болгоно,

5. Ксилол ба бергамотын тосонд хийнэ,

6. Бальзамд хийнэ.

Ингэхэд эластин ширхгүүд хар хөх буюу бараг хар өнгөтэй болно.

Ретикулин ширхгийг мөнгөлөх

Ретикулин ширхгийг мөнгөлөх аргаар будах нь бусад будгийн аргыг бодвол нэлээд төвөгтэй ажиллагаатай ба доорх дарааллын дагуу гүйцэтгэнэ. Үүнд:

1. Материалыг зөвхөн цэвэр буюу нейтралийн формалинаар бэхжүүлнэ,

2. Огтлолыг хөлдөөгч микротом дээр 10-20 микрон нимгэн зүснэ,

3. Огтлолыг будахын өмнө нэрсэн усанд сайн угаана,

4. Бүх ажиллагааг цэвэр шил саванд хийж шилээр хийсэн зүүг хэрэглэнэ.

Будах ажиллагааг доорх маягаар дэс дараалан хийнэ.

1. Хөлдөөгч микротомоор хэрчсэн огтлолыг нэрсэн усанд 2 цаг угаана

2. Азотхүчлийн мөнгөний 2 хувийн уусмалд 24-48 цаг байлгана

3. Огтлол тус бүрийг нэрсэн усанд 2-3 удаа угаана

4. Шинэхэн бэлтгэсэн аммиак-мөнгөний уусмалд 5-10 минут байлгана

5. Огтлол тус бүрийг нэрсэн усанд угаана

6. Нейтралийн 4% формалинд 5-10 минут байлгаж хүрэн хар өнгөтэй болтол нь боловсруулна

7. Нэрсэн усанд 10-15 минут байлгана

8. Хлорын алтны уусмалд 10-60 минут ягаан өнгөтэй болтол байлгана

9. Нэрсэн усанд хурдан угаана

10. Гипосульфитын 5% усан уусмалд 30-40 секунд хурдан угаана

11. Нэрсэн усанд 4-5 цаг угаана

12. Спиртэд хийж усгүй болгоно

13. Ксилолд хийнэ

14. Бальзамд хийнэ.

Зүсэцийг сайтар угаасны дараа глицерин желатинд хийнэ.

Ингэхэд ретикулин ширхгүүд хар өнгөтэй, коллаген ширхгүүд хүрэн өнгөтэй, цөмийн бодис ба протоплазм нь хар хүрэн эсвэл хар өнгөтэй болно.

Ажлын уусмалыг бэлтгэх арга:

Аммиак мөнгөний уусмалыг бэлтгэхийн тулд азотхүчлийн мөнгөний 10 хувийн 10 мл уусмалд натроны 40 %-ийн шүлтээс 5 дуслыг хийж, сайтар зайлсны дараа аммиакийг бага дуслаар хийж тунадасыг уустал нь хийнэ. Дараа нь 2 мл нэрсэн ус хийнэ

Хлорын алтны уусмалыг бэлтгэхийн тулд 10 мл нэрсэн усанд 1% хлорын алтнаас 5 дусал, мөсөн цууны хүчлээс 2-3 дуслыг хийнэ.

Зүсэцийг бэхжүүлж бичил бэлдмэл бэлтгэх

Дээрх аргуудаар будсан зүсцийг тавиур шилэн дээр авч глицерин-желатины холимог дээрээс нь дусааж урьдчилан бэлтгэсэн бүрхүүл шилийг тусгай хавчаараар буюу 2 хуруугаараа бүрхүүл шилний ирмэгээс барьж, эхлээд нэг үзүүрийг тавьж 45 градусын өнцөг үүсгэн аажмаар доошлуулан тавина. Энэ үед хий аажмаар түрэгдэж, зүсмэгийг глицерин-желатины нимгэн үеэр жигд бүрнэ. Бүрхүүл шилийг хийтэй тавьж болохгүйг анхаарах хэрэгтэй. Глицерин желатины холимог нь термостатад бүлээн байх ёстой. Препаратын дугаарыг цаасан дээр бичиж наах эсвэл шилний үзгээр бичиж тэмдэглэнэ.

Тавиур шил дээрх бэхжүүлсэн зүсэц дээр бүрхүүл шил тавьж байгаа (зүүн талд), бэлэн болсон бичил бэлдмэл буюу препарат

Будаж бэлэн болсон препаратыг удаан хугацаанд хадгалахын тулд орчны бохирдлоос хамгаалсан зориулалтын хайрцаганд хадгална.

Зориулалтын хайрцаг нь бэлдмэлийг эдийн бүтцийн бүтэн байдал, будагийн тогтвортой байдлыг хангахуйц, тоос, гэрлээс хамгаалсан хажуу босоогоор байрлуулах боломжтой битүү сав байна.

Бичил бэлдмэлийг уншиж судлах

Гистологийн бичил бэлдмэлээс эд эрхтний бүтцийг мэдэж чадна. Гэхдээ зүсэлтийн чиглэлээс шалтгаалан эд эсийн бүтэц эрс тэс ондоо үзэгдэнэ. Эсийн 3 хэмжээст объект нь хэмжээ болон хэлбэрээрээ ялгагдана. Жишээ нь: зарим нь урт, нарийн, дөрвөлжин, зууван зэрэг хэлбэртэй байна. 3 хэмжээст бүтэц тэдгээрийг ялгаатай түвшинд зүссэнийг харуулна.

Зүсэлтийн чиглэл

Тэдгээрийг болгоомжтой унших бөгөөд энэ нь жинхэнэ бодит зүсцийн байрлалыг ойлгоход тусална.

Босоо зүсэлтийн бичил бэлдмэлийг унших

Бэлдмэлийг микроскопын тавиур дээр байрлуулж, бага өсгөгчөөр эхлээд арьсны босоо зүсэлтийн бэлдмэл дээр өнгөн хөрс, жинхэнэ хөрс, шар махан давхаргыг харна.

Микроскопын их өсгөгчөөр өнгөн хөрсний дээд үеүдийг илрүүлж, тухайн үеийн эсийн хэлбэрийг тогтооно. Жинхэнэ хөрсний хөхөцөр ба торлог давхаргын заагыг үсний угны суултын доод түвшингээр тогтооно. Улмаар хөхөнцөр давхаргад үсний уутанцар, арьсны булчирхай, үс өргөгч булчин зэрэг арьсны оршихууныг илрүүлж бүтцийн онцлогийг тодруулна.

Арьсны босоо зүсэлтийн бичил бэлдмэл. Арьсны бүтцийн бүрэлдэхүүн

1-Үс, 2-Үсний уутанцар, 3-хоёрдогя уутанцар, 4-үс өргөгч булчин, 5- тосны булчирхай, 6- хөлсний булчирхай, А- эпидермис давхарга, Б-жинхэнэ хөрс

Торлог давхаргын цавуурхаг ширхэглэгийн багцын нарийн бүдүүн, харилцан байршил, сүлжээний байдлыг тодорхойлно. Арьсны бүтцэд цавуурхаг ширхэглэгийн багцын нарийн бүдүүнийг торлог давхаргын дунд хэсэгт хэмжинэ.

Хөндлөн зүсэлтийн бичил бэлдмэлийг унших

Арьсны хөндлөн зүсэлтийн бичил бэлдмэл дээр үсний уутанцар, хөлс, тосны булчирхайг олж, улмаар 1мм2 талбайд ноогдох үсний уутанцар, хөлс ба тосны булчирхайн тоо хэмжээг бодож гаргана.

Анхдагч ба хоёрдогч уутанцрыг таних, хэлбэр хэмжээг тогтооход эхлээд анхдагч уутанцарыг тосны булчирхайн тусламжтайгаар олно. Тосны булчирхай нь Судан III будгийн нөлөөнд улбар шар өнгө өгөх учираас хялбархан таньж илрүүлнэ.

Арьсны хөндлөн зүсэлтийн бичил бэлдмэл объективын 4 өсгөлтөөр (зүүн талд) объективын 10 өсгөлтөөр (баруун талд ) харагдах байдал

1-анхдагч уутанцар, 2- хоёрдогч уутанцар, 3-тосны булчирхай

Нэгж талбайд ноогдох уутанцрын тоог гаргахдаа микроскопын харааны талбайг дараах томьёогоор олно.

Sg = πr2

Sg – микроскопын харааны талбай, мм2

π - тогтмол тоо 3.14

r2 – микроскопын харааны тойргийн радиус, мкм

Коллаген ширхэгийн багцын өнцөгийг тодорхойлох

Арьсны цавуурхаг ширхэгийн багцын налуугийн өнцгийг тодорхойлохдоо транспортерийн тусламжтайгаар 50 ширхэг багцын арьсны гадаргууд үүсэх өнцгийн тоон утгыг градусаар гаргана.