Гистологийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжүүд

Микроскопын бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим

Микроскоп нь энгийн нүдээр үл үзэгдэх жижиг обьектийг хэд дахин томруулж шинжлэн судлахад зориулагдсан оптикийн багаж хэрэгсэл юм. Микроскоп гэдэг нь μικρός, mikrós буюу жижиг, σκοπέω, skopeîn буюу харах гэсэн утгатай грек үг.

Микроскопын төрлүүд

Орчин үеийн микроскоп нь амьтан, ургамлын эд, эс, микроорганизм, бодисын бүтцийг хэдэн мянгаас хэдэн сая дахин өсгөж харах хүчин чадалтай болжээ. Микроскопыг ажиллах зарчмаар нь ерөнхий 3 бүлэг болгон хуваана.

Гэрлийн микроскоп нь гэрлийн эх үүсвэрийн тусламжтай томруулагч линзээр сорьцыг өсгөн хардаг ба нэг линзтэй энгийн, хэд хэдэн линзтэй нийлмэл микроскоп бий. Энэ бүлэгт биологийн микроскоп M-10, стереоскопик, полараязин микроскоп, ультра микроскоп, дижитал микроскопууд багтах ба юмсыг 1000 дахин өсгөх хүчин чадалтай. Гэрлийн микроскопыг микробиологи, материал судлал, анагаах ухаан, мал эмнэлэг, биологи, эрдэс судлалын салбарт өргөн ашигладаг.

Биологийн микроскоп М-10

Хамгийн өргөн хэрэглэгддэг биологийн микроскоп МБИ-1

Орчин үеийн гэрлийн микроскопуудаас сүүлийн үед нэлээд өргөн ашиглагдаж байгаа нь дижитал микроскоп ба энэ нь компьютерт холбогдсон байх бөгөөд судлаж буй дээжийн зургийг авч файл болгох, нарийн хэмжилт хийх зэрэг нэмэлт боломжуудтай. Сүүлийн үеийн дижитал микроскопын нүдлүүрийн хэсгийн оронд дэлгэцтэй болсон . Анхны дижитал микроскоп 1985 онд Японд бүтээгдсэн байна.

Дижитал Микроскоп

Электрон микроскоп нь электрон долгионыг ашиглан сорьцыг макро молекулын түвшинд судлана. Анхны электрон микроскопыг 1931 онд Германы эрдэмтэн Макс Нол, Эрнест Раска нар бүтээсэн ба тэдний микроскоп юмсыг 12000 дахин өсгөх чадалтай байв. Энэ бүлэгт TEM (Transmission Electron Microscope), ssEM (Serial-section Electron Microscope), SEM (Scanning Electron Microscope), REM (Reflection Electron Microscope), STEM (Scanning Transmission Electron Microscope) зэрэг багтана.

Хайлтын электрон микроскоп

STM - Scanning Tunneling Microscope

Энэхүү микроскоп сорьцийг 100000 дахин өсгөх хүчин чадалтай. Электрон микроскоп нь судлагдаж буй дээжийн өндөр молекул жинтэй хэсэгт илүү шингэж өсгөдөг бол гэрлийн микроскоп дээжний будагдсан хэсэгт илүү шингэх ба өсгөлтийн хувьд ялгаатай.

Сканин проб микроскоп анх 1981 онд бүтээгдсэн ба сорьцын гадаргууны зургийг атомын түвшинд харах боломжтой хамгийн өндөр чадалтай. Энэхүү микроскопын бусад микроскопоос (гэрлийн болон электрон) ялгаатай тал нь гэрэл, долгионыг ашигладаггүй, хүчин чадлын хувьд 1000000 дахин өсгөнө. Энэ бүлэгт AFM (Atomic Force Microscope), STM (Scanning Tunneling Microscope), SPE (Scanning Probe Electrochemistry), FluidFM (Fluidic Force Microscope), FOSPM (Feature-oriented Scanning Probe Microscope), MRFM (Magnetic Resonance Force Microscope), NSOM (Near-field Scanning Optical Microscope), SSM (Scanning SQUID Microscope), SThM (Scanning Thermal Microscope), CGM (Charge Gradient Microscope), SRPM (Scanning Resistive Probe Microscope) зэрэг микроскопуудыг хамааруулж болно.

Микроскопын зохион байгуулалт

Анагаах ухаан, мал эмнэлэг, биологи, гистологи, микробиологи, үйлдвэр, сургуулийн лабораториудад хамгийн өргөн ашигладаг микроскоп бол гэрлийн микроскоп юм. Гэрлийн микроскоп механикийн, оптикийн, гэрлийн үндсэн хэсгүүдээс тогтоно.

Механикийн хэсэгт их бие, суурь, хоолой, сэлүүр систем, тавиур, макро, микро шураг, конденсорын шураг багтана. Микроскопын их биед оптикийн ба гэрлийн хэсгүүд бэхлэгдэх бөгөөд доод талд нь суурь байна. Суурь нь их биетэйгээ тусгай эргээр холбогдсон учир хөдөлгөөнтэй байдаг нь микроскопыг өөрийн биед тохируулан хазайлгаж тавихад тохиромжтой. Микроскопын хоолой нь төмөр бөгөөд түүний дээд талд окуляр-нүдлүүр, доод талд хөдөлгөөн бүхий сэлүүр, объектив -дурандуурын хамт бэхлэгдэнэ. Микроскопын хоолой макро ба микро шургийн тусламжтайгаар дээш доош хөдөлнө.

Макро, микро шургийг хөдөлгөн шинжилж буй зүйлсийн фокусыг тааруулах ба урагш эргүүлэхэд микроскопын хоолой доошилж бичил бэлдмэл-препаратад ойртох ба хойш эргүүлэхэд хоолой дээшилнэ.

Сэлүүр систем хоолойн доод үзүүрт бэхлэгдсэн тэргэл хэлбэртэй бөгөөд янз бүрийн өсөлтийн объектив суулгахад зориулагдсан суурьтай байна. Сэлүүр систем хөдөлгөөнтэй учир ажиллаж байгаа үед түүнийг гараар эргүүлж нэг объективыг нөгөөгөөр солих бүрэн бололцоотой.

Тавиур тавцан нь шинжилж буй материалыг хөдөлгөөнгүй тогтооход зориулагдсан хавчаартай байх ба голдоо гэрэл нэвтрэх нүхтэй байна. Тавиур хоёр хажуугийн жижиг шургийн тусламжтайгаар хөдөлнө.

Конденсорын шураг нь харах зүйл дээр, доороос тусах гэрлийн хэмжээг тохируулахын тулд түүнийг өргөж эсвэл буулгахад хэрэглэгдэнэ.

Оптикийн хэсэгт окуляр буюу нүдлүүр, объектив буюу дуран орно. Окуляр нь төмөр рамын хоёр талд хийгдсэн мисэл линзээс тогтоно. Окуляр нь микроскопын хоолойн дээд талд байрлах ба окуляр тус бүр дээр (7х 10х 15х) тоо байдаг нь түүний өсгөх чадлыг заана.

Объектив нь металл хүрээнд суулгасан өсгөгч мислээс тогтоно. Объектив нь бага болон хүчтэй өсгөгч, иммерсийн гэсэн гурван янз байдаг. Бага өсгөгч объектив нь том мисэлтэй байх ба дээрээ 8х, хүчтэй өсгөгч объектив 40х, иммерсийн объектив 90х гэсэн тоотой байдаг нь тэдгээрийн өсгөх чадлыг харуулна. Микроскопын өсгөх чадлыг мэдэхийн тулд объектив ба окуляр дээр заагдсан тоог хооронд нь үржүүлэх ба түүнээс гарсан тоо шинжилж буй зүйлийг микроскоп хэд дахин өсгөхийг заана. Жишээлбэл: объектив дээр 7х окуляр дээр 8х, 40х, 90х гэсэн тоонууд байвал микроскопын өсгөх чадвар 56, 280 болон 630 байна.

Иммерсийн объектив нь шинжилж буй зүйлийг маш нарийн шинжлэхэд буюу асар жижиг зүйлийг томруулахын тулд хэрэглэгдэх бөгөөд шилийг нэвтлэх гэрлийн цацраг тосон дундуур өнгөрөхдөө хугарал үүсгэдэггүй учир хуш модны тунгалаг тосыг(төрөл бүрийн иммерсийн тос) шинжлэх объект дээр дусааж түүндээ объективын мислийг хүргэж харна.

Микроскопын гэрэлтүүлэгч хэсэгт толь, конденсор, гэрлийн хаалт байна.Толь нь хавтгай ба хотгор гадаргуутай, зүг бүр тийшээ чөлөөтэй эргэхээр хийгдсэн байх ба гэрлийн цацрагийг конденсор руу тусгах үүрэгтэй. Толины хотгор тал гэрлийг илүү их хуралдуулдаг учир гэрэл багатай үед хотгор талыг хэрэглэнэ.

Конденсор нь толины гэрлийн туяаг бөөгнөрүүлж, шинжилж буй зүйлд хүргэх үүрэгтэй. Хаалт нь конденсорын доод талд бэхлэгдэнэ. Хаалтын тусламжтайгаар гэрлийн хэмжээг зохицуулан харж байгаа зүйлийг тодруулна.

Микроскоптой ажиллах дүрэм

Микроскоп бол нарийн зохион байгуулалттай багаж хэрэгсэл учраас түүнийг зааврын дагуу хэрэглэж, зөв арчилж тордох ёстой. Хадгалах, цэвэрлэх, үйлчилгээ хийхдээ үйлдвэрлэгчийн зааварчилгааг мөрдөнө. Чийгшил өндөр байхад линзний чанар муудаж болзошгүй тул конденсаци үүсэхээс сэргийлж ажиллана. Өдөр бүр эсвэл хэрэглэсний дараа, линзэнд хүрсэн тосыг арчин, түүнтэй холбоотой эд ангийг линзний цаасаар цэвэрлэнэ. Үйлдвэрлэгчээс заасан уусгагчийг ашиглана. Оптик систем нь амархан гэмтдэг тул үйлдвэрлэгчийн зааврын дагуу засвар үйлчилгээ үзүүлэх нь зүйтэй.

Микроскоптой ажиллахын өмнө түүнийг гаднах гэрнээс нь гаргаж зөөлөн алчуураар тоосыг нь арчин бүрэн бүтэн байдлыг шалгана. Микроскопыг зөөвөрлөхдөө нэг гараараа их биеэс, нөгөө гараар сууринаас нь барих хэрэгтэй. Дараа нь микроскопыг ширээн дээр хөдөлгөөнгүйгээр байрлуулна.

Түүний дараа толийг гэрлийн зүг харуулж тавих бөгөөд гэрлийн эх үүсвэр нь нарны гэрэл, бүдэг цагаан будагтай чийдэнгийн гэрэл зэрэг байж болох ба цахилгаан гэрэлд хотгор толийг хэрэглэнэ.

Микроскопын гэрлийг тааруулахдаа бага өсгөгч объективыг хэрэглэнэ. Микроскопын хоолойг макро шургаар доошлуулж объектив тавиур хоёрын хооронд барагцаалбал 1 см зай үлдээх ба конденсорыг тавиурт тултал дээш босгон тавьсны дараа хаалтыг гүйцэд онгойлгон окуляраар зүүн нүдээр харж толийг гэрлийн зүг хөдөлгөн аль болохоор нэгэн жигд туяаг тусгана. Нарны гэрэл, чийдэнгийн гэрлээс ашигтай боловч хэтэрхий их хурц гэрэл өгдөг учир нүд амархан ядрахаас гадна нүдэнд хортой байдаг. Иймээс өдрийн цагт хойд талдаа цонхтой, нарны эгц туяа нэвтэрдэггүй тасалгаанд микроскоптой ажиллах нь илүү тохиромжтой. Гэрлийн хүчний их бага нь ямар объектив хэрэглэж байгаагаас шалтгаална. Объектив хэдийчинээ их өсгөх чадалтай байна, төдийчинээ их гэрэл шаардана.

Гэрлийг тааруулсны дараа бэлдмэлээ зүүн гартаа барьж энгийн нүдээр жинхэнэ харах зүйлээ олж аваад бүрхүүл шилтэй талыг дээш харуулж тавиур дээр объективын харалдаа тавьж, хавчаараар хавчиж уг зүйлээ харахад бэлэн болгоно. Бэлдмэлээ эхлээд бага өсгөгчөөр харах бөгөөд үүний тулд объективыг хажуугаас нь харж макро шургийг урагш аажмаар эргүүлж микроскопын хоолойг доошлуулан бэлдмэлд 0.5 см-ийн зайтай ойртуулж зүүн нүдээр окуляраар харж, макро шургаа маш аажим буцааж өөр тийшээ эргүүлэн бэлдмэлийн бүтэц тод харагдмагц микро шургийг урагш хойш нь хагас эргүүлж бүр тод болгож фокусыг тааруулсны дараа уг зүйлээ харж судална. Бэлдмэлийг гүйцэд нарийн шинжлэхийн тулд хүчтэй өсгөгч объективоор харах хэрэгтэй. Бага өсгөгч объективыг их хүчтэй объективоор солихын тулд микро шургийг өөр тийш эргүүлж микроскопын хоолойг дээш өргөсний дараа сэлүүр системийг гараар эргүүлэн объективыг солиод түрүүчийн адил хажуу талаас нь харж объективыг микро шургийн тусламжтайгаар доошлуулж бэлдмэлийн бүрхүүл шилэнд бараг тулгасны дараа макро шургаа аажмаар буцааж дээшлүүлэн харах зүйлээ тодруулна. Микро шургийг дээрхийн адил ажиллуулна.

Хүчтэй өсгөдөг объективыг ашиглахдаа болгоомжтой доошлуулахгүй бол бэлдмэлээ хагалахад хүрнэ. Хүчтэй өсгөгч объективыг хэрэглэх үедээ хаалтын зайг багасган кондепсорыг бага зэрэг доошлуулна. Бэлдмэлээ харж дууссаны дараа буцаж бага өсгөгч объективт шилжүүлнэ. Ямар нэгэн зүйлийг микроскопоор шилжүүлэхдээ баруун зүүн нүдээр ээлжлэн харах ба хараагүй нүдээ аньж болохгүй.

Микроскопын төрлөөс хамаарч дээжний харагдах байдал

Микротомын бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим

Микротом гэдэг нь Грекээр mikros буюу жижиг, temnein буюу зүсэх гэсэн утгатай үг юм. Микроскопоор сорьцыг судлахын тулд микротом төхөөрөмжийг ашиглан сорьцоо маш нимгэн зүсмэг болгоно. Микротомын хутганы ирийг ган, шил, алмааз зэрэг материалаар хийх ба судлагдахууны онцлог, хэр нимгэн зүсэхээс шалтгаалан хутгыг сонгоно. Жишээ нь, амьтан ургамлын эдээс авсан сорьцыг гэрлийн микроскопоор судлахын тулд ган ирээр, электрон микроскопоор судлах бол шилээр, яс шүд зэрэг хатуу эдийг үйлдвэрлэлийн зориулалттай алмаазаар зүснэ. Микротом төхөөрөмжийн тусламжтай 100 микрометрээс 50 нанометрийн нимгэнтэй зүсмэг бэлтгэх боломжтой.

Микротомын төрлүүд

Микротомыг ажиллах зарчмаар нь гурван үндсэн төрөл болгон ангилж байна. Үүнд:

1. Гар ажиллагаатай микротом (энгийн микротом, эргэгч микротом, вибратом, хөлдөөгч микротом, хөрөөн микротом, ультра микротом)

2. Автомат микротом (лазер микротом, компьютержсэн микротом)

3. Хагас автомат микротом зэрэг болно.

Чарган микротом

Ультра микротом

Лазер микротом

Ультра микротом маш нимгэн буюу 150 нм-с зузаангүй зүсмэг бэлтгэх чадалтай байна. Энэ нь хүний үсний ширхэгийг уртынх нь дагуу 2000 хэсэг болгох, цусны улаан эсийг 100 хэрчим болгох хэмжээтэй тэнцэх юм.

Лазер микротомын нэг онцлог бол зүсмэг бэлтгэх судалгааны дээжид механикаар хүрэлцэлгүйгээр зүсэлт хийдэг. Бусад микротомуудаас ялгаатай тал нь дээжийг хөлдөөх, чийггүй болгох, хэвэнд цутгах зэрэг бэлтгэл ажиллагаа шаардагдахгүй. Зүсэх дээжийн онцлогоос шалтгаалан 10-100 µм зузаантай зүсмэг бэлтгэх боломжтой.

Микротомын зохион байгуулалт, ажиллах зарчим

Микротомын нэр төрөл, хэлбэр дүрс нэлээд олон байдаг боловч тэдгээрийн дотроос хамгийн их дэлгэрсэн нь энгийн микротом юм. Энгийн микротом нь их бие, микро-шураг, гулгуур, бэхлүүр, хутганы гулгуур, хутганы хавчаар зэрэг зүйлүүдээс бүрдэнэ. Микротомын их бие зузаан металл, дээд талдаа маш гөлгөр хоёр буюу гурван гадаргуутай байдаг ба түүгээр нь хутганы гулгуурыг хөдөлгөнө. Гадаргууны хоёр захад хутганы гулгалтыг хязгаарласан хамгаалалт бий. Их биеийн нэг хажуу гөлгөр байх бөгөөд түүнд зүсэх зүйлийг хөдөлгөдөг гулгуур бэхлэгдэнэ. Микротомд бэхлэгдсэн микро шураг нь янз бүр байх бөгөөд түүнийг хөдөлгөхөд тэр нь бэхлүүрийн голыг урагшлуулна. Шураг нь тусгай эргээр хязгаарлагчийн доорх жаазтай холбоотой байна. Бэхлүүрийн гол жаазан доторх араа бүхэн жижиг дугуйтай холбогдоно. Энэ дугуй тусгай хуваарь тоо бүхий (15 хуваарь бий) эргийн тусламжтайгаар хөдөлнө. Нэг хувиар нь араатай дугуйн нэг шүд эргэхтэй тэнцэнэ. Дугуйны нэг шүд хөдөлмөгц бэхлүүр нь зүсэх зүйлээ нэг микроноор дээш ахиулж хутганд ойртуулна.

Маш нимгэн зүсмэг хийхийн тулд микротомд тусгай зориулалтын хутгануудыг ашиглана. Хутга нь 8-50 см2 хүртэл янз бүрийн хэмжээтэй байж болох бөгөөд хоёр тал нь эсвэл хоёулаа хотгор, эсвэл нэг тал нь хотгор, нөгөө тал нь тэгш, эсвэл хоёр тал нь тэгш байдаг. Сүүлийн үед дөрвөн янзын хутгыг голдуу хэрэглэж байгаа бөгөөд тэдгээрийг A, B, C, D гэж тэмдэглэнэ.

Микротомын хутганы хэлбэрүүд

Хөлдөөгч микротомын (Cryostat) бусад микротомуудаас ялгаатай тал нь зүсэх дээжийг -15°C-30°C температур бүхий тусгай тасалгаанд хийж зүснэ. Хөлдөөгч микротом нь дээжийг 5µm хүртэл нимгэн зүсэх хүчин чадалтай.

1. Хэт ягаан туяаны хамгаалалттай шилэн нүүр бүхий тасалгаа

2. Бактери шүүгч

3. Тээвэрлэлтийн дараах хөл тохируулагч боолт

4. Дугуйт хөл

5. Асаах товчлуур

6. Хөл гишгүүрийн удирдлага

7. Яаралтай унтраах товчлуур

8. Залуур хүрд

9. Конденсатор

10. Конденсаторын хөнөг

11. Хөл

Хөлдөөгч микротом

Хөлдөөгч микротомын нүүрэн хэсэг

1. Хянах самбар 1: Температур, цагийн заалтууд

2. Хянах самбар 2: Зүсмэгийн нимгэн, зузааныг тохируулах хэсэг

3. Хянах самбар 3: Хөдөлгүүрийн хэсэг

4. Дулаан шахагч

5. Хөргөгч

6. Хөлдөөгч тавиур

7. Хөлдөөгч тавиурын байрлал тогтоогч

8. Халуун хүйтэн шахагч

9. Тавиур

10. Хутга тогтоогч

11. Түгжигч

12. Гар амраагч

13. Ир тогтоогчийн аюулгүйн хамгаалалт

14. Илүүдэл зүсмэг гадагшлуулах хоолойн хошуу

15. Илүүдэл зүсмэг гадагшлуулах хоолой

16. Багсны тавиур

17. Илүүдэл зүсмэг гадагшлуулах хоолойн гүйдэл тохируулагч

18. Зүсэх дээжийг тогтоосон байдал

19. Хогийн сав

Гистологийн шинжилгээнд хэрэглэгдэх шил сав, багаж хэрэгслүүд

Лабораторийн шинжилгээний үр дүнг үнэн зөв гаргахад шил сав, багаж хэрэгслийн ариутгал, тоног төхөөрөмжийн бохирдол болон элэгдлээс сэргийлсэн аюулгүй ажиллах, тээвэрлэх, хадгалах болон ашиглах журам нэн чухал.

Гистологийн шинжилгээнд хэрэглэгдэх шил сав

Лабораторийн шинжилгээнд хэрэглэгдэх шил сав, багаж, хэрэгслийг гурван дамжлагаар угааж ариутгана. Цэвэрлэсэн шил савыг усанд хийхэд ус савны ханыг дагаж бүрхэн урсаж байвал сайн цэвэрлэгдсэн, харин усан дусал болон наалдаж байвал цэвэрлэгээ сайн хийгдээгүй гэж үзнэ. Цэвэрлэж бэлтгэсэн шил сав, багаж хэрэгслийг тасалгааны температурт болон хатаах шүүгээний 170ºС температурт 2 цаг хатаана.

Гистологийн шинжилгээнд дараах шил савыг хэрэглэнэ.Гистологийн шинжилгээнд хэрэглэгдэх шил сав, багаж хэрэгслүүд

Лабораторийн шинжилгээний үр дүнг үнэн зөв гаргахад шил сав, багаж хэрэгслийн ариутгал, тоног төхөөрөмжийн бохирдол болон элэгдлээс сэргийлсэн аюулгүй ажиллах, тээвэрлэх, хадгалах болон ашиглах журам нэн чухал.

Гистологийн шинжилгээнд хэрэглэгдэх шил сав

Лабораторийн шинжилгээнд хэрэглэгдэх шил сав, багаж, хэрэгслийг гурван дамжлагаар угааж ариутгана. Цэвэрлэсэн шил савыг усанд хийхэд ус савны ханыг дагаж бүрхэн урсаж байвал сайн цэвэрлэгдсэн, харин усан дусал болон наалдаж байвал цэвэрлэгээ сайн хийгдээгүй гэж үзнэ. Цэвэрлэж бэлтгэсэн шил сав, багаж хэрэгслийг тасалгааны температурт болон хатаах шүүгээний 170ºС температурт 2 цаг хатаана.

Гистологийн шинжилгээнд дараах шил савыг хэрэглэнэ.

Шилэн бюкс

Шаазан шүүрэн аяга

Бүрхүүл шил

Хэмжээст цилиндр

Тавиур шил

Шувтан колбо

Гистологийн шинжилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгслүүд

Дулаан тогтоогуур (термостат) нь температур болон бусад үзүүлэлтүүдийг ажлын эзлэхүүндээ бүхэлд нь тогтвортой байлгах тохируулгын системээр тоноглогдсон байдаг. Дулаан тогтоогуурын хана нарны гэрлийн тусгалаас хамгаалагдсан байх ба ямар ч төрлийн дулаан тогтоогуурыг аль болох нэг горимд ажиллуулах хэрэгтэй. Дулаан тогтоогуурын хаалгыг удаан хугацаагаар нээлттэй орхиж болохгүй. Түүнийг ажиллуулах үед агаар сэлгэлтэд анхаарах хэрэгтэй.

Дулаан тогтоогуур буюу термостат

Хөлдөөгч нь дээж болон материалыг хөлдүү байдалтай удаан хугацаагаар хадгалах зориулалттай төхөөрөмж юм. Температурыг өөрөөр заагаагүй бол -15°C-ээс бага байх нь зохимжтой. Хөлдөөгчийг ажиллуулахдаа түүнийг хангалттай бага температурт хүрсний дараа нойтон дээжийг хийж хөлдөөнө.

Хугацаа хэмжигч төхөөрөмж. Лабораторийн үйл ажиллагаанд (тухайлбал, арьсны зүсмэгийг будах, дээжийг нэгэн жигд болгох зэрэг) зохих нөхцөлд шаардлагатай нарийвчлалыг хангах чадвартай аналоги болон тоон, ширээний эсвэл ханын цагийг хэрэглэнэ. Эдгээр хугацаа заагч багаж нь тохируулж болох зохих нарийвчлалтай байна. Лабораторийн үйл ажиллагаанд хэрэглэдэг бүх хугацаа хэмжигч багажийг зөв ажиллагаатай байлгахын тулд цагийг байнга цэвэрлэж, хэвийн ажиллагааг шалгана. Нарийвчлал өндөртэй хугацаа хэмжигч төхөөрөмжийг тухайн төхөөрөмжийн зааврын дагуу шалгана.

Хугацаа хэмжигч

Гуурстай хуванцар сав

Гуурстай хуванцар сав нь шинжилгээнд хэрэглэж буй шил савыг угаахад зориулагдсан, усаа шахаж гаргахад тохиромжтой зөөлөн материалаар хийгдсэн байна.

Хямсааг бодисын шилэн дээр байрлуулсан арьсны зүсмэгийг бүрхүүл шилээр бүрэхэд ашиглагдна.

Хямсаа

Препаратын зүү

Бэлдмэлийн зүүг арьсны будагдсан зүсмэгийг тавиур шилэн дээр ямар нэгэн гэмтэлгүйгээр нямбай байрлуулахад ашиглана.

Мэс заслын хутга (scalpel)-ыг ашиглан арьсны дээжийг босоо болон хөндлөн чиглэлд зүсэж, зүсэц бэлтгэнэ (жижиглэсэн дээж). Зүсцийг цутган микротомоор зүсмэг бэлтгэнэ.

Мэсийн хутга

Гистологийн кассет

Гистологийн эд дамжуулах, цутгах кассетад малын арьснаас авсан дээжийг хийн, тэмдэглэгээ тавьж хадгална.